Мэдээлэл зүйн дидактикийн онолын үндэс
Өнөө үед дэлхий дахинаа мэдээлэл, холбооны технологийн хөгжил, ололт амжилт нь нийгэм, эдийн засаг, хүний хөгжлийг дэмжигч хүчин зүйл болж, ус агаарын адил амьдралын хэрэгцээ болж байна. Манай орны нийгмийн амьдралын бүх хүрээнд мэдээлэл, холбооны технологийг ашиглан харьцангуй бага хугацаа өнгөрч буй боловч бид орчин үеийн дэвшилтэт технологи, мэдлэгийн эрин үетэй хөл нийлүүлэн өдөр тутмын хэрэгцээндээ мэдээлэл, холбооны технологи, интернэт, хөдөлгөөнт холбоог хэрэглэх болсон билээ.
Дэлхийн олонхи хөгжилтэй оронд суралцагчдыг нийгэмд амьдрах арга ухаанд сургахыг зорилго болгож, тэдний хэрэгцээ, сонирхол, сонголтод нийцэх уян хатан, ерөнхий хөтөлбөрчиглэлийг эрхэмлэдэг, мэдлэгийн агуулгыг практик үр дагавраар нь тодорхойлдог боловсролын прагматик чиглэлийг баримталж байна. Тиймээс манай орны бүх шатны сургалтад ч мөн дээрх хандлага бий болж, агуулгыг стандартчлан динамик шинжтэй болгон, мөн үүний зэрэгцээ шавь төвтэй, харьцангуй хэрэглээний чиглэлтэй сургалтын хандлага давамгайлж байна.